Долоо хоногийн тойм

Банкуудын 500 сая$-ын бонд ба Samsung 1 их наяд$-ын үнэлгээ

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.05.04 - 05.08)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.

📊 Зах зээлийн ерөнхий төлөв

Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн идэвх тогтвортой байж, нийт 16,012,449,683.80 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 19,495 удаагийн хэлцлээр 6,062,621 ширхэг үнэт цаас арилжигдлаа.

  • Зах зээлийн үнэлгээ: 13,287,820,027,585.45 төгрөг.
  • TOP 20 индекс: 50,843.33 (-1.08% бууралт).
  • MSE A индекс: 19,478.5 (-0.87% бууралт).
  • MSE B индекс: 14,185.31 (-1.39% бууралт).

🔥 Онцлох хувьцаанууд

Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):

Долоо хоногийн арилжаанд "Тавилга" ХК үнийн дүнгээр хол тасарч тэргүүллээ.

  1. Тавилга ХК (TVL): 3,714,862,000.00 төгрөг.
  2. Хаан банк ХК (KHAN): 861,263,888.00 төгрөг.
  3. Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD): 509,646,454.00 төгрөг.
  4. АПУ ХК (APU): 503,801,290.42 төгрөг.
  5. Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): 213,292,933.03 төгрөг.

Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:

  • Монгол нэхмэл ХК (MNH): +16.67%.
  • Блюскай секьюритиз ХК (BSKY): +15.00%.
  • Монгео ХК (MOG): +14.99%.

Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:

  • Шивээ овоо ХК (SHV): -16.13%.
  • Багануур ХК (BAN): -15.00%.
  • Бэрх Уул ХК (BEU): -15.00%.

💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд

Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын арилжаа идэвхтэй байж, Гэр бүл бонд (GRB-BD) зах зээлийг тэргүүлэв.

  • GRB-BD-06/11/27: 7.20 тэрбум төгрөгийн арилжаа.
  • SHKH-BD-11/12/26: 402.1 сая төгрөгийн арилжаа.

Хөрөнгө оруулалтын сан:

  • Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 87.99 төгрөг болж, -1.17%-иар буурлаа.
  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,000.00 төгрөг болж, -2.44%-ийн бууралт үзүүлэв.

ТӨРИЙН БАНК ШИНЭ БОНД

Төрийн банк олон улсын зах зээлд 200 сая ам.долларын бонд амжилттай гаргасан тухай тус банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр мэдэгдлээ. Тус банкны зүгээс санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, санхүүгийн уян хатан байдлыг сайжруулах стратегийн хүрээнд нийт 300 сая ам.долларын бонд гаргахаар төлөвлөж буйг өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр мэдээлээд байсан юм.

Ам.доллароор нэрлэгдсэн тус бондын хөрөнгөөр банкны одоогийн болон ирээдүйд хэрэгжүүлэх санхүүгийн хөтөлбөрүүдийг дэмжих, хөрвөх чадварыг сайжруулах зорилготой аж.

“Moody’s” агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг Baa2 түвшинд, харин “Fitch” агентлаг BBB түвшинд үнэлсэн нь банкны санхүүгийн тогтвортой байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн бодлогыг харуулж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.


ГОЛОМТ БАНКНЫ ШИНЭ БОНД

Голомт банк ХК-ийн олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалж буй 3 жилийн хугацаатай, нийт 300 сая ам.долларын бондод 115 олон улсын санхүүгийн байгууллагаас нийт 1.8 тэрбум ам.долларын худалдан авах захиалга ирж санал болгосон дүнгээс 6.1 дахин өндөр дүнгээр биеллээ.

Энэхүү бонд гаргалттай холбоотой олон улсын андеррайтер, зохион байгуулагчаар Deutsche Bank (B&D), J.P. Morgan болон KGI Asia зэрэг дэлхийн санхүүгийн тэргүүлэх байгууллагууд ажиллаж байна.

Шинээр гаргаж буй бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээ:

Moody’s: B2 / Төлөв – Stable

S&P: B+ / Төлөв – Positive

Fitch: B+ / Төлөв – Stable

Уг бондын арилжаа нь Голомт банкны олон улсын хөрөнгийн зах зээл дэх байр суурь, хөрөнгө оруулагчдын итгэл, Монгол Улсын санхүүгийн салбарын гадаад зах зээл дэх сонирхлыг дахин бататгасан онцлох үйл явдал болж байна.


“SAUDI ARAMCO” ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛ УДААН ХУГАЦААНД ДОГОЛДОЖ МАГАДГҮЙГ АНХААРУУЛАВ

Саудын Арабын Төрийн өмчит “Saudi Aramco” компанийн тохируулсан цэвэр ашиг оны эхний улиралд 26 хувиар өсөж, 33.6 тэрбум ам.доллар хүрлээ.

Тайлант хугацаанд түүхий нефть, боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн нь тус компанийн ашиг шинжээчдийн таамгийг давахад голлон нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч "Saudi Aramco"-ийн Гүйцэтгэх захирал Ормузын хоолой бараг хаагдсантай холбоотойгоор газрын тосны зах зээлд урт хугацааны саатал гарч болзошгүйг анхаарууллаа.

Тэрбээр “Ормузын хоолойгоор дамжих худалдааны урсгал нэн даруй сэргэвэл газрын тосны зах зээл дахин тэнцвэржихэд хэдэн сарын хугацаа шаардагдана” гэж мэдээлсэн байна. Харин худалдаа, тээвэрлэлт хэдэн долоо хоногоос илүү хугацаагаар хязгаарлагдмал хэвээр байвал зах зээл зөвхөн 2027 онд л хэвийн байдалдаа орно гэж тооцоолжээ.

Саудын Араб улс хоёрдугаар сарын эцсээр дайн эхлэхээс өмнө экспортоо нэмэгдүүлж байсан бөгөөд мөргөлдөөн эхэлснээс хойш хэдхэн хоногийн дотор зарим тээвэрлэлтийг Улаан тэнгисийн Янбу боомт руу шилжүүлсэн юм. Гэхдээ тус боомтоор борлуулж буй газрын тосны хэмжээ нь дайны өмнөх үеийнхээс доогуур хэвээр байна.

“Saudi Aramco” компани “East-West” дамжуулах хоолой зэрэг стратегийн дэд бүтцийн ачаар Ираны дайны зарим сөрөг нөлөөллийг бууруулсан ч дэлхийн эрчим хүчний системийн нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгааг Гүйцэтгэх захирал нь мэдээлжээ.

Эх сурвалж: Bloomberg


БНСУ-ЫН “KOSPI” ИНДЕКС ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ

БНСУ-ын хөрөнгийн зах зээл амралтын дараах арилжаанд түүхэн дээд түвшнээ шинэчиллээ. Лхагва гарагт БНСУ-ын голлох “Kospi” индекс ойролцоогоор 7 хувиар өсч, 7,398.34 нэгжид хүрснээр түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Шинжээчид үүнийг Уолл Стрийтийн өсөлт, хиймэл оюуны чипийн эрэлт, Ойрх Дорнодын хурцадмал байдал намжих хүлээлт нэг цэгт төвлөрсөн нь нөлөөлсөн гэж үзэж байна.

Өсөлтийг БНСУ-ын технологийн компаниуд тодорхойлжээ. “Samsung Electronics” компанийн хувьцаа ойролцоогоор 13, “SK Hynix”-ийнх 10 хувиар өссөн нь “Кospi” индексийн огцом “хөдөлгөөн”-д гол нөлөө үзүүлэв. Дээрх 2 компани нь хиймэл оюуны хэрэглээнд шаардлагатай санах ой, чипийн нийлүүлэлтийн гол “тоглогчид” юм.

“Samsung” компанийн зах зээлийн үнэлгээ энэ өсөлтийн дараа 1 их наяд ам.долларын босго давсан тухай WSJ мэдээлжээ. Тус компанийн өсөлтийг өндөр зурвасын санах ой буюу “HBM” бүтээгдэхүүний эрэлт,мөн чипийн салбарын ашигт ажиллагаа сайжирч буй хүлээлт дэмжсэн байна.

Ази-Номхон далайн бусад зах зээлүүд ч эерэг хөдөлгөөнтэй байна.AP-ийн мэдээллээр Австралийн S&P/ASX 200 индекс бараг 1,Хонконгийн “Hang Seng” индекс 0.7, Шанхайн “Composite” индекс 1 хувиар өссөн байна.

АНУ-д “S&P 500” индекс 7,259.22 нэгжид хаагдсан бол “Nasdaq Composite” 1 хувиар өсч, 25,326.13 нэгжид хүрч дээд амжилт тогтоов.Энэ нь Азийн зах зээлийн өнгийг тодорхойлох нэмэлт дэмжлэг болсон гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters


Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Дэлгэрэнгүй →

Судалгаа бөглөх