Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.04.13 - 04.20
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.04.13 - 04.17)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.
📊 Зах зээлийн ерөнхий төлөв
Өнгөрсөн долоо хоногт нийт 13,291,080,396.90 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 8,125 удаагийн хэлцлээр 6,532,492 ширхэг үнэт цаас арилжигдлаа.
- Зах зээлийн үнэлгээ: 13,209,726,674,801.37 төгрөг
- TOP 20 индекс: 50,915.28 (+0.52% өсөлт)
- MSE A индекс: 19,305.28 (+1.18% өсөлт)
- MSE B индекс: 14,407.96 (+0.35% өсөлт)
🔥 Онцлох хувьцаанууд
Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):
Банкны салбарын хувьцаанууд зах зээлийн эргэлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлсэн хэвээр байна.
- Голомт Банк ХК (GLMT): 1,162,170,166.00 төгрөг
- Хаан банк ХК (KHAN): 1,114,834,171.00 төгрөг
- АПУ ХК (APU): 1,029,919,252.32 төгрөг
- Инвескор ББСБ ХК (INV): 927,330,830.00 төгрөг
- Богд Банк ХК (BOGD): 236,750,713.00 төгрөг
Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:
- Төв аяга ХК (TUV): +14.93%
- Булган ундарга ХК (BUN): +14.92%
- Хай би ойл ХК (HBO): +14.88%
Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:
- Дархан нэхий ХК (NEH): -15.00%
- Стандарт Проперти Групп ХК (BBD): -15.00%
- Улаанбаатар хивс ХК (UBH): -14.94%
💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд
Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Өрийн хэрэгслийн зах зээлд GRB-BD серийн бонд арилжааны дүнгээр тэргүүллээ.
- GRB-BD-06/11/27: 7,133,780,000.00 төгрөгийн арилжаа хийгдэв.
- SHKH-BD-11/12/26: 21,800,000.00 төгрөгийн арилжаа хийгдэв.
Хөрөнгө оруулалтын сан:
- Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 955.00 төгрөг болж, 0.53%-ийн өсөлт үзүүллээ.
- Үндэсний хувьчлалын сан (XOC): Ханш 84.80 төгрөг болж, -0.01%-иар буурсан байна.
“ГОВЬ” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО I УЛИРАЛД 13.3 ХУВИАР ӨСӨЖ, ₮43.4 ТЭРБУМ ХҮРЭВ

МХБ: “Говь” ХК-ийн нийт зээлийн хэмжээ I улирлын байдлаар 297 тэрбум төгрөг болсон
“Говь” ХК-ийн I улирлын борлуулалтын орлого 13.3 хувиар өсөж, 43.4 тэрбум төгрөг хүрснийг Монголын Хөрөнгийн биржид мэдээллээ. Өнгөрсөн онд тус компани хэлбэрээ өөрчлөн хаалттай болохоор шийдвэрлэсэн ч тэрхүү үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зогсоож, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээ хийлгүүлэх үүрэг даалгаврыг хүргүүлж байв. Үүний дараа “Говь” ХК 2019 оноос хойших анхны ашигтай жилийн тайлангаа нийтэлсэн юм.
Энэ оны эхний улиралд тус компанийн алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурч, гурван тэрбум төгрөг болсон байна. Гол зардлуудын хувь дийлэнх нь өөрчлөлтгүй, өмнөх оны түвшинд хадгалагджээ. 104 тэрбум төгрөгийн урт хугацаат зээл, 193 тэрбум төгрөгийн богино хугацаат зээлтэй холбоотой санхүүгийн зардал нь тайланд ихээхэн дарамт болсон хэвээр байна.
Түүхэн мэдээллээс харахад жилийн эхний хагаст компанийн борлуулалт харьцангуй удаан байдаг бол сүүлийн хагаст аялал жуулчлал эрчимжсэнээр бараг хоёр дахин илүү борлуулалт хийдэг байна. Иймд хөрөнгө оруулагчид тус компанийн энэ оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтүүд болон ашигт ажиллагаагаа үргэлжлүүлж чадах эсэхийг анхааралтай ажиглахаар байна
Эх сурвалж:Bloomberg
ТАЙВАНЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ БРИТАНИЙГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЖЭЭ

Тайваньд хувьцаагаа арилжаалдаг компаниудын нийт үнэлгээ өчигдрийн байдлаар 4.14 их наяд ам.долларт хүрчээ. Ингэснээр тус улсын хөрөнгийн зах зээл дэлхийд долоодугаарт эрэмбэлэгдэх болсон тухай "Bloomberg" агентлаг мэдээлсэн байна.
Тайвань ийнхүү хувьцааны зах зээл нь 4.09 их наяд ам.доллароор үнэлэгдэж буй Их Британийг ардаа орхилоо. Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээллээр, Тайванийн Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 977 тэрбум ам.доллар байгаа бол Их Британийнх 4.3 их наяд ам.доллар буюу даруй дөрөв дахин их байгаа юм.
Тайванийн хөрөнгийн зах зээлийн гол индекс болох "Taiex" нь Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй бүх алдагдлаа хамгийн түрүүнд нөхөж чаджээ. Пүрэв гаргийн арилжаагаар уг индекс 0.7 хувиар өсөж, найман арилжаа дараалан ашигтай хаагдсан бол энэ сар гарснаас хойш нийт 16 хувиар өссөн байна. Харин Их Британийн "FTSE 100" индекс дөрөвдүгээр сард 4 хүрэхгүй хувиар өсжээ.
Тайванийн хөрөнгийн зах зээл ийнхүү өсөхөд тус улсын хамгийн үнэ цэнтэй компани болох TSMC-ийн (Taiwan Semiconductor Manufacturing Company) улирлын үзүүлэлт нөлөөлжээ. Чип үйлдвэрлэгч тус компанийн эхний улирлын цэвэр ашиг дээд түвшинд хүрсэн байна. TSMC-ийн зах зээлийн үнэлгээ 1.7 их наяд орчим ам.долларт хүрчээ.
ОРОСЫН НЕФТИЙГ ХОРИГООС ЧӨЛӨӨЛӨХ ХУГАЦААГ СУНГАЖЭЭ

АНУ-ын эрх баригчид танкер хөлөг онгоцуудад ачигдсан байгаа Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнийг худалдан авах зөвшөөрлийг тавдугаар сарын 16-ныг хүртэл сунгажээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент уг зөвшөөрлийг дахин сунгахгүй гэж мэдэгдэж байсан юм.
Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн өсөлтийн улмаас АНУ-ын эрх баригчид Оросын нефтийн экспортод тавьсан хоригийг гуравдугаар сарын 13-нд нэг сарын хугацаатай (дөрөвдүгээр сарын 11 хүртэл) зөөлрүүлсэн юм. Тухайн үед Бессент мэдэгдэхдээ, уг шийдвэр нь Оросын нефтийн экспортын орлогод төдийлөн нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байв.
Гэсэн хэдий ч Оросын нефтийн орлого хоёр дахин өсжээ. Хоригийг сулруулснаас хойш тус улс нефтийн худалдаанаас хоногт 100 сая гаруй ам.долларын нэмэлт орлого олсон гэж The New York Times сонин дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээлснээр, Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш нефтиэс олсон Оросын орлого гуравдугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 19 тэрбум ам.долларт хүрчээ.
АНУ-ын тал хоригийг зөөлрүүлсэн нь Д.Трампын засаг захиргааны хүсэж байсан шиг дэлхийн зах зээлд нефтийн үнийг тогтворжуулахад төдийлөн нөлөөлөөгүй гэж NYT сонины нийтлэлд онцолжээ. Учир нь Оросын нефтийн нэлээд хэсгийг олон улсын хязгаарлалтыг тойруулан "сүүдрийн флот" гэгдэх танкеруудаар тээвэрлэж байгаатай холбоотой аж.
Эх сурвалж: Reuters
Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.
