Долоо хоногийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.06.15 - 06.19

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.06.15 - 06.19)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.

📊 Зах зээлийн ерөнхий төлөв

Өнгөрсөн долоо хоногт нийт 7,725,757,709.82 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 9,923 удаагийн хэлцлээр 5,309,922 ширхэг үнэт цаас арилжигдлаа.

  • Зах зээлийн үнэлгээ: 13,456,655,157,380.58 төгрөг
  • TOP 20 индекс: 51,371.42 (+0.17% өсөлт)
  • MSE A индекс: 19,800.53 (+1.15% өсөлт)
  • MSE B индекс: 14,195.1 (-0.33% бууралт)

🔥 Онцлох хувьцаанууд

Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):

Технологи, инновацын салбар болон банкны салбарын хувьцаанууд арилжааны үнийн дүнгээр зах зээлийг тэргүүллээ.

  1. Инновэйшн инвестмент ХК (QPAY): 677,370,951.43 төгрөг
  2. Хаан банк ХК (KHAN): 431,966,638.00 төгрөг
  3. Худалдаа Хөгжлийн банк (TDB): 351,156,260.00 төгрөг
  4. Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): 169,793,083.95 төгрөг
  5. Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD): 117,177,720.00 төгрөг

Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:

  • Крипто Үндэстэн ХК (CNF): +17.92%
  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU): +16.77%
  • Монгол шилтгээн ХК (MSH): +15.00%
  • Дархан зочид буудал ХК (DZG): +15.00%
  • Хэрлэн Хивс ХК (HRL): +15.00%

Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:

  • Дархан гурил тэжээл ХК (DAR): -15.00%
  • Худалдаа Хөгжлийн банк (TDB): -14.87%
  • Baguanuur ХК (BAN): -14.71%
  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR): -13.49%
  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT): -10.58%

💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд

Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын зах зээлд "Шинэ Ховд" бонд болон "Капитал Брейнд" бонд өндөр дүнгээр арилжигдлаа.

  • SHKH-BD-11/12/26: 4.15 тэрбум төгрөгийн арилжаа
  • KBMG-BD-14/12/26: 816.1 сая төгрөгийн арилжаа
  • GRB-BD-06/11/27: 277.8 сая төгрөгийн арилжаа
  • SHNK-BD-11/09/26: 18.2 сая төгрөгийн арилжаа
  • SNDB-BD-06/08/26: 3.3 сая төгрөгийн арилжаа

Хөрөнгө оруулалтын сан:

  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,080.00 төгрөг болж, +4.25%-ийн өсөлт үзүүлэв.
  • Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 84.01 төгрөг болж, -1.23%-иар буурсан байна.
  • Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 4,851.00 төгрөг болж, -1.00%-иар буурав.

ЛЭНДМН ХК ЗАХ ЗЭЭЛЭЭС 20 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ

ББСБ-ын салбарын нэг компани болох Лэндмн ХК ирэх 9-р сард 20 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, олон нийтэд нээлттэй бондыг гаргахаар төлөвлөж байна. Тус бондыг 2 жилийн хугацаатай, жилийн 18.5%-ийн хүүтэйгээр санал болгох бөгөөд үнэт цаасны андеррайтераар Бидисек ХК ажиллах юм байна.

Энэхүү бонд гаргалт нь Лэндмн ХК-ийн хувьд анхны тохиолдол биш бөгөөд компани 2020 оноос хойш хөрөнгийн зах зээлээс хэд хэдэн удаагийн нээлттэй бондын арилжаагаар нийтдээ 25 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлж байсан туршлагатай. Харин энэ удаагийн 20 тэрбум төгрөгийн бонд нь компанийн өмнөх бондын гаргалтуудтай харьцуулахад хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болохоороо байгаа.

Бонд гаргалт нь хоёр үндсэн дохиог илэрхийлж байж болох юм. Үүнд, 1-т, Лэндмн ХК зээлийн багц болон үйл ажиллагааны цар хүрээгээ цаашид тэлэх зорилгоор урт хугацааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай болсон, 2-т сүүлийн жилүүдэд МХБирж дээр гарч байсан нээлттэй бондын хүүтэй харьцуулахад хамгийн өндөр түвшинтэй ижил хэмжээний хүү санал болгож буй нь тогтмол орлого эрэлхийлж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах эрмэлзэл байгаа харуулж байна.


АНУ БОЛОН ИРАН УЛСУУДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРЭН ГАЛ ЗОГСООХООР БОЛОВ.

Лхагва гарагт АНУ-аас Иран улстай тохиролцсон 14 заалт бүхий "Исламабадын харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн албан ёсны эхийг олон нийтэд ил болголоо.

Уг баримт бичигт Ормузын хоолойг яаралтай нээх, Ираны зүгээс хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалан эдийн засаг, санхүүгийн хоригийг үе шаттайгаар хөнгөвчлөх, мөн өндөр баяжуулсан ураны нөөцийг устгаж саармагжуулах зэрэг гол нөхцөлүүдийг тусгажээ.

Санамж бичигт багтсан 14 заалтыг жагсаая.

  1. АНУ, Иран болон тэдний холбоотнууд Ливаныг оролцуулан бүх чиглэлд цэргийн ажиллагааг яаралтай бөгөөд бүрмөсөн зогсооно.
  1. Хоёр улс бие биенийхээ бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх.
  1. Санамж бичигт гарын үсэг зурснаар 60 хоногийн хугацаа тоолж эхлэх бөгөөд энэ хугацаанд эцсийн хэлэлцээрт хүргэх.
  1. АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлт болон бусад саад тотгорыг 30 хоногийн дотор бүрэн цуцлах.
  1. 30 хоногийн дотор АНУ өөрийн цэргийн хүчийг Ираны ойролцоох бүс нутгуудаас гаргаж, мөргөлдөөн эхлэхээс өмнөх байршилд нь буцаана.
  1. Ормузын хоолойгоор дайрах арилжааны хөлөг онгоцуудыг ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр аюулгүй нэвтрүүлэхийн тулд дайчлан, яаралтай нээнэ.
  1. Ираны эдийн засгийг сэргээхэд зориулж бүсийн түншүүдтэй хамтран 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт боловсруулна.
  1. АНУ Ираны эсрэг авсан эдийн засгийн бүх хориг арга хэмжээнүүдийг цуцална.
  1. Эцсийн хэлэлцээр хүртэл Иран цөмийн хөтөлбөрөө одоогийн түвшинд царцааж, АНУ шинэ хориг тавихгүй, цэргээ нэмэхгүй.
  1. АНУ хоригийг бүрэн цуцлах хүртэл Ираны газрын тосны экспорт болон холбогдох банк, даатгалын гүйлгээнд түр зөвшөөрөл олгоно.
  1. Ираны царцаагдсан хөрөнгийг бүрэн чөлөөлж, саадгүй ашиглах боломжоор хангана.
  1. Хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих хамтарсан механизм байгуулна.
  1. Эхний ээлжийн гол заалтууд бодитоор хэрэгжиж эхэлсний дараа л үлдсэн асуудлаар эцсийн хэлэлцээг эхлүүлнэ.
  1. Эцсийн гэрээг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн албан ёсны тогтоолоор баталгаажуулна.

АНУ-ЫН ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн (ХНС) удирдлагууд шинэ даргатайгаа анхны хурлаа хийлээ. Тус банкны шинэ даргаар Кевин Уоршийг Ерөнхийлөгч Дональд Трамп томилсон юм. Энэ удаагийн хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.

ХНС бодлогын хүүгээ 3.5-3.75 хувийн түвшинд хэвээр хадгалж байна. Тус банкны удирдлагууд ийнхүү дөрвөн хурал дараалан хүүгийн түвшнийг өөрчилсөнгүй.

Шинэ дарга Уорш хэлэхдээ "Инфляцын түвшин ХНС-гийн олон жилийн өмнөөс тогтоосон 2 хувийн зорилтот түвшнээс хол давсан хэвээр байгааг бид ойлгож байна. Энэ байдал үргэлжлээд таван жил гаруй боллоо. Үнэ тогтвортой өндөр байх нь Америкийн ард түмний нуруунд хүнд ачаа болж байгаа хэдий ч сүүлийн үеийн үйл явдлуудыг цаашид мөн ийм байдал үргэлжлэхийн дохио гэж үзэх шаардлагагүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн "үнийг тогтворжуулна" гэж амлалаа. АНУ-д өнгөрсөн тавдугаар сард хэрэглээний үнийн индекс сүүлийн гурван жил гаруйн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Шинжээчид үүнийг Ираны эргэн тойрон дахь нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна.

ХНС-ийн удирдлагууд энэ удаагийн хурлын дараа эдийн засгийн хэд хэдэн таамаглалаа нийтэлсэн нь энэ оныг дуустал бодлогын хүүг дахин нэг удаа өсгөж магадгүй гэсэн дохиог өглөө.


ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 80 АМ.ДОЛЛАРООС ДООШИЛЖЭЭ

АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээр байгуулсантай холбоотойгоор дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсаар байна.

Газрын тосны үнэ ийнхүү буурснаар дэлхийн инфляцын эрсдэлийг басгах магадлалтай хэдий ч нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байна гэж шинжээчид үзэж байна.

"Brent" маркийн газрын тосны наймдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 1.13 хувиар буурч, нэг баррель нь 78.65 ам.доллар болсон бол АНУ-ын "WTI" маркийн газрын тосны долоодугаар сарын гэрээний үнэ 1.26 хувиар буурч, нэг баррель нь 75.82 ам.долларт хүрчээ.

Мөргөлдөөнийг урт хугацаанд шийдвэрлэснээр нийлүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдэж, ирэх жил газрын тосны илүүдэл бий болно гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) таамаглаж байна. Тус байгууллагын мэдээлснээр 2026 онд дэлхийн нийлүүлэлт өдөрт дунджаар 3.9 сая баррелиар буурч, 102.4 сая баррельд хүрэх бөгөөд 2027 онд дахин сэргэж өдөрт 110.3 сая баррель болно.

Газрын тосны үнийн бууралт нь дэлхийн инфляцын эрсдэлийг багасгаж болох ч нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгааг "New York Life Investment Management" компанийн тайланд онцолжээ. Тус компанийн шинжээчдийн үзэж байгаагаар, нефтийн үнэ мөргөлдөөний өмнөх түвшнээс өндөр хэвээр байгаа бөгөөд далайн тээврийг хэвийн болгоход хугацаа шаардлагатай, мөн стратегийн нөөцүүдийг дахин нөхөх шаардлагатай байна.

Өмнө нь АНУ, Ираны талууд энхийн хэлэлцээрт хүрсэн талаар мэдээлсэн юм. Уг хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол зургаадугаар сарын 19-нд Швейцарт болох төлөвтэй байна.

Мөн энэ хэлэлцээр нь Ормузын хоолойг нээж, дэлхийн зах зээлд түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж магадгүй гэж таамаглаж байна.

АНУ, Ираны гал зогсоох хэлэлцээрийг сайшаасан улс төрийн мэдэгдлүүдийн дараа газрын тосны үнэ огцом буурсан хэдий ч зах зээл дээр тодорхойгүй байдал үргэлжилсээр байгааг шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: Reuters


Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Дэлгэрэнгүй →

Судалгаа бөглөх