Долоо хоногийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.06.22 - 06.26

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Дэлгэрэнгүй →


МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.06.22 - 06.26)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.

📊 Зах зээлийн ерөнхий төлөв

Өнгөрсөн долоо хоногт нийт 18,585,524,774.49 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 10,008 удаагийн хэлцлээр 12,446,091 ширхэг үнэт цаас арилжигдлаа.

  • Зах зээлийн үнэлгээ: 13,707,482,687,777.03 төгрөг
  • TOP 20 индекс: 52,527.04 (+2.25% өсөлт)
  • MSE A индекс: 19,985.68 (+0.94% өсөлт)
  • MSE B индекс: 14,170.14 (-0.18% бууралт)
  • FTI индекс: 1,027.63 (-2.83% бууралт)

🔥 Онцлох хувьцаанууд

Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):

"Эм Жи Эл Акуа" ХК болон банкны салбарын хувьцаанууд арилжааны үнийн дүнгээр зах зээлийг тэргүүллээ.

  1. Эм Жи Эл Акуа ХК (MGLA): 1,687,862,968.00 төгрөг
  2. Хаан банк ХК (KHAN): 1,021,796,726.00 төгрөг
  3. Тэнгэр Даатгал ХК (TGI): 650,798,609.05 төгрөг
  4. Премиум Нэксус ХК (CUMN): 640,129,989.68 төгрөг
  5. Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD): 526,527,553.00 төгрөг

Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:

  • Крипто Үндэстэн ХК (CNF): +20.28% (Хаалтын ханш: 35,460.00 төгрөг)
  • Авто импекс ХК (AOI): +14.98% (Хаалтын ханш: 2,472.00 төгрөг)
  • Хасу-Мандал ХК (HSR): +14.96% (Хаалтын ханш: 2,213.00 төгрөг)
  • Хас Банк (XAC): +14.01% (Хаалтын ханш: 1,335.00 төгрөг)
  • Махимпекс ХК (MMX): +13.13% (Хаалтын ханш: 4,083.00 төгрөг)

Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:

  • Ремикон ХК (RMC): -24.00%
  • Силикат ХК (SIL): -15.00%
  • Баянтээг ХК (BTG): -14.95%
  • Булигаар ХК (MBG): -14.71%
  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA): -14.58%

💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд

Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын арилжаа маш идэвхтэй байснаас "Грэйп Сити Би Линк" (GRB) бонд 10.5 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнгээр хамгийн өндөр арилжааг бүртгүүллээ.

  • GRB-BD-06/11/27: 10,555,964,035.00 төгрөг
  • SHKH-BD-11/12/26: 1,346,934,680.00 төгрөг
  • SHNK-BD-11/09/26: 555,000,000.00 төгрөг
  • BIDB-BD-27/01/27: 8,000,000.00 төгрөг
  • SNDB-BD-06/08/26: 2,600,000.00 төгрөг
  • UGB-BD-19/05/28: 1,000,000.00 төгрөг

Хөрөнгө оруулалтын сан:

  • Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 85.28 төгрөг болж, +1.51%-ийн өсөлт үзүүлэв.
  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,079.00 төгрөг болж, -0.09%-иар ялимгүй буурав.
  • Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 4,670.00 төгрөг болж, -3.73%-иар буурсан байна.

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд оролцов.

Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” стратегийн хэлэлцүүлэгт оролцож, нээлтийн үг хэлэв. Хэлэлцүүлгээр хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой худалдааг дэмжих, хүнсний салбарт хиймэл оюун, биотехнологийн дэвшлийг нэвтрүүлэх болон хүнсний тогтолцоонд тулгарч буй сорилтыг даван туулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, манай улс “Хүнсний хувьсгал” хэрэгжүүлж, хөрсний доройтолтой тэмцэж, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахыг зорьж байна. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн зохицуулалтын давхардал, хүнд суртлыг бууруулж, хүнс үйлдвэрлэл, боловсруулалт, ложистик зэрэг салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих реформ хэрэгжүүлж буйг онцлов. Мөн манай улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг энэ оны наймдугаар сард зохион байгуулах учир Монгол Улсад зочилж, танилцахыг урилаа.

Мөн тэрбээр, “Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээ болон аюулгүй байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, урт хугацааны хөгжлийн боломжийн талаар байр сууриа илэрхийлэв. Хиймэл оюун, эрчим хүч, цахим дэд бүтцийг тусдаа салбарууд бус харин нэг экосистем гэж харж, уялдаа холбоотой хөгжүүлэх нь хиймэл оюуны эрин үеийн боломжийг бүрэн ашиглах үндэс болохыг онцоллоо. Мөн Монгол Улсад дата төв байгуулах боломжийг нээх эрх зүйн суурийг бүрдүүлж буйг танилцуулж, технологийн компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг урив.

Эх сурвалж: Montsame


МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зургаадугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргахад дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд:

  • Жилийн инфляц сүүлийн саруудад шатахуун болон хүнсний үнийн өсөлтийн нөлөөгөөр эрчимжиж, 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 11.2 хувь, Улаанбаатар хотод 11.0 хувьд хүрээд байна. Нөгөө талаас уул уурхайн бус дийлэнх салбарын идэвхжил сул, суурь инфляц харьцангуй бага түвшинд хадгалагдаж байна. Цаг агаарын болон геополитикийн нөхцөл байдлаас нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн цаашдын төлөв хамаарна.
  • Эдийн засгийн өсөлт 2026 оны эхний улиралд 7.9 хувьд хүрч эрчимжихэд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр орууллаа. Харин бусад салбарын хувьд идэвхжил сул байв. Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэх, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт үргэлжлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх бол ирэх онуудад уул уурхайн бус салбар алгуур сэргэж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх хүлээлттэй байна.
  • Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давснаар цаашдын өсөлтийн төлөв нь сайжрав. Харин бусад орнуудын хувьд газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан эдийн засгийн өсөлт нь саарах төлөв давамгайлж байна. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөллөө.
  • Жилийн инфляц нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан, түр зуурын шинжтэйгээр зорилтоос өндөр түвшинд хүрээд байна. Цаашид мах, шатахууны үнийн өсөлт аажмаар саарч, инфляц дунд хугацаанд зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна. Гэвч зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон Ойрх Дорнод, ОХУ-Украины зөрчилдөөнтэй холбоотой геополитикийн тодорхойгүй байдлын улмаас нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамт удаан хугацаанд үргэлжлэх, дам нөлөө нь хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэж болзошгүй юм. Иймд энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх шийдвэрийг гаргах ажээ.


ЕВРОПЫГ НӨМӨРСӨН ХЭТ ХАЛАЛТ АЗИЙН АГААРЖУУЛАГЧ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БОРЛУУЛАЛТЫГ ОГЦОМ ӨСГӨЖЭЭ

Европ тивд агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрч халж байгаа энэ үед Өмнөд Солонгосын "Samsung Electronics", Хятадын "Midea", Японы "Mitsubishi Electric" зэрэг Азийн агааржуулагч үйлдвэрлэгчдийн борлуулалт эрс өсөж байна.

Азийн томоохон хотуудад барилга байгууламж, нийтийн тээвэр, орон сууцанд агааржуулагч ашиглах нь өдөр тутмын хэрэглээ байдаг бол Европт энэ нь харьцангуй ховор хэрэглээ юм. Хэт халалтын улмаас хүний амь нас эрсдэж, цахилгаан хангамж тасалдаж, сургуулиудын үйл ажиллагаа зогсоод буй Европ тивд хүмүүс сэрүүцэх аргаа хайсаар байна.

Зарим улс оронд халууны эрч улам нэмэгдэж болзошгүйг анхааруулж байгаа тул Европын иргэд, компаниуд аагим халуунаас сэрүүцэхийн тулд зөөврийн болон суурин агааржуулагчийг олноор нь худалдан авч байгаа аж.

"Зургаадугаар сараас хойш агаарын хэм улам нэмэгдэх төлөвтэй байгаа тул агааржуулагчийн эрэлт оргил үе дуустал тогтвортой их байна гэж бид таамаглаж байна" гэж "Samsung Electronics" компани мэдэгджээ. Мөн Итали, Испани, Франц зэрэг гол зах зээлүүд дэх агааржуулагчийн борлуулалтынх нь хэмжээ энэ оны эхний хагаст хоёр оронтой тоогоор өссөнийг мэдээлсэн байна.

Хятадын "Midea" компанийн хувьд ч мөн адил нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд "PortaSplit" загварын агааржуулагчийнх нь эрэлт огцом нэмэгджээ. Уг загварынх нь захиалга маш их байгаа тул хуучин агааржуулагчийн үнэ шинээсээ давсан тохиолдол гарч байгаа аж.

Европ тивийн дулаарал дэлхийн дундаж түвшнээс хоёр дахин хурдан явагдаж байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор тус тивд агааржуулагчийн эрэлт эрс нэмэгдэж байгааг Японы “Mitsubishi Electric” компани мөн мэдэгджээ.

Тус компаниас мэдээлснээр "Европын орнуудад, ялангуяа Франц, Испани, Их Британи, Герман зэрэг хэт халж байгаа улсуудад агааржуулагчийн борлуулалт маш өндөр байгаа аж".


SPACEX КОМПАНИ "NASDAQ-100" ИНДЕКСТ ХУРДАСГАСАН ЖУРМААР ЭЛСЭЖ, ETF-ҮҮДИЙН АСАР ИХ ХУДАЛДАН АВАЛТЫН ЭРЭЛТИЙГ ҮҮСГЭХЭЭР БАЙНА

SpaceX компани биржид нээлттэй хувьцаат компани (IPO) болж амжилттай дебютээ хийснээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Nasdaq-100 индекст хамгийн хурдан нэмэгдсэн компаниудын нэг болж, идэвхгүй хөрөнгө оруулагчдын зүгээс хувьцаа худалдан авах шинэ давалгааг үүсгэлээ.

Nasdaq-ийн зүгээс баасан гарагийн арилжаа хаагдсаны дараа SpaceX-ийг технологийн жишиг индекст багтах шалгуурыг хангасан гэж мэдэгдэв. Хэрэв тус компани шаардлагуудыг үргэлжлүүлэн хангаж чадвал индекс дагагч сангууд болон бусад бүтээгдэхүүний ивээн тэтгэгчид 7-р сарын 6-ны арилжаа хаагдсаны дараа хувьцааг худалдан авч эхлэх бөгөөд SpaceX 7-р сарын 7-ны арилжаа эхлэхээс өмнө албан ёсоор Nasdaq-100 индекст нэгдэх юм.

Энэхүү индексийг дагаж 800 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг бөгөөд үүнд өдөр тутмаар хамгийн идэвхтэй арилжаалагддаг, хиймэл оюун ухааны өсөлтийн зах зээлийн барометр (хэмжүүр) гэж тооцогддог Invesco QQQ Trust (QQQ) багтдаг байна.

Сансар судлал, хиймэл дагуулын чиглэлээр ажилладаг тус компани нь тус индекст 1%-иас бага жинтэйгээр орно гэж таамаглаж байна.

SpaceX-ийг ийм богино хугацаанд нэмсэн нь Илон Маскийн компанийг Nasdaq-ийн саяхан нэвтрүүлсэн, шинээр гарсан нийтийн компаниудад зориулсан "хурдасгасан элсэлтийн тогтолцоо"-ны анхны үр шимийг хүртэгчдийн нэг болгож байна. Энэхүү өөрчлөлт нь зарим томоохон IPO хийсэн компаниудыг ердөө 15 өдрийн арилжааны дараа Nasdaq-100 индекст багтах эрхийг нээж өгсөн бөгөөд энэ нь урьд өмнө нь маш урт хугацаанд хүлээдэг байсан процессыг эрс богиносгосон хэрэг юм.

Өмнөх журмын дагуу бол Nasdaq-100 индексийг дагадаг хөрөнгө оруулагчид шинээр бүртгэгдсэн зах зээлийн аварга компаниудын хувьцааг багцдаа оруулахын тулд хэдэн сар хүлээх шаардлагатай болдог байв.

Энэхүү индекс дэх оролцоо нь 6-р сарын 12-ны өдрийн дебютээсээ хойш хамгийн идэвхтэй арилжаалагдаж буй хувьцааны нэг болоод байгаа SpaceX-ийн хувьд эрэлтийн өөр нэгэн эх үүсвэрийг бий болгож магадгүй юм. Nasdaq-100-тай холбоотой индекс сангууд болон биржээр арилжаалагддаг сангууд (ETF) жишиг индексийн шинэ бүтцэд нийцүүлэхийн тулд хувьцаа худалдаж авах шаардлагатай болох бол уг индексийг анхааралтай дагадаг идэвхтэй менежерүүд ч мөн өөрсдийн позицоо өөрчлөх боломжтой.


Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Судалгаа бөглөх