Долоо хоногийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.09.28 – 10.02

TOP 20 +0.34%, бондын арилжаа нийт дүнгийн 87%-ийг эзэллээ

Сайн байна уу. Өнгөрсөн долоо хоногт МХБ-ийн индексүүд бага хэлбэлзэлтэй байж, TOP 20 индекс 0.34% өслөө. Харин арилжааны гол урсгал компанийн бонд руу чиглэсэн нь онцлог байв.

3 МИНУТАД

  1. Бонд тэргүүлэв — DBOM (40 тэрбум ₮) болон SHKL (28.6 тэрбум ₮) бондууд долоо хоногийн нийт 79.1 тэрбум ₮-ийн арилжааны 87% орчмыг бүрдүүлэв.
  2. Ард Даатгал (AIC) 898 сая ₮-ийн арилжаагаар хувьцаануудаас хамгийн идэвхтэй нь боллоо.
  3. АНУ-д 9-р сард 29 мянган ажлын байр нэмэгдэж (хүлээлт 90 мянга), 10 жилийн бондын өгөөж 5.28% хүрэв.

МХБ-ийн самбар

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж · Бэлтгэсэн: M Securities


Бонд ба сангууд

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж · Бэлтгэсэн: M Securities


Лэндмн ХК-ийн хувьцааны ханш нэг жилд +11.04% өсч, зах зээлд 20 тэрбумын шинэ бонд гаргана

Лэндмн ХК хөрөнгийн зах зээлээс дахин санхүүжилт татах гэж байна. Тодруулбал, тэд 20 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нээлттэй бонд гаргах зөвшөөрлийг зохих байгууллагаас аваад байгаа бөгөөд уг бонд нь жилийн 18.5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй байх юм.

Энэ удаагийн санхүүжилтээр татан төвлөрүүлэх хөрөнгийн зориулалт нь жижиг, дунд бизнесийн зээлийн эх үүсвэрт ашиглахаар төлөвлөсөн байна.

Лэндмн ХК-ийн хувьцаа сүүлийн жилүүдэд МХБ-ийн хүчтэй өсөлт үзүүлсэн үнэт цаасны нэг болоод байгаа. Өнгөрөгч долоо хоногт 176.39 төгрөгийн ханштай хаагдсан бөгөөд сүүлийн нэг сард +12.21%, гурван сард +14.86%, нэг жилд +11.04% өссөн байна.

Эндээс харахад зах зээл Лэндмн ХК-ийн урт хугацааны бизнесийн өсөлтийг хувьцааны үнэд нэлээд хэмжээгээр шингээсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь компанийн 2025 оны зээлийн багц 37%, хүүгийн орлого 52%, цэвэр ашиг 11%-иар өссөн байдаг.

Эх сурвалж: Marketinfo


Гадаад зах зээл

АНУ-ын хувьцааны фьючерс ханш өсөлттэй байна: Хөдөлмөрийн зах зээлийн сул мэдээлэл Холбооны Нөөцийн Санг хүүгээ нэмэгдүүлнэ гэх хүлээлтийг буурууллаа

Баасан гарагт Wall Street өсөлттэй хаагдсаны дараа Ням гарагийн орой АНУ-ын хувьцааны фьючерс ханш бага зэрэг өслөө. Төсөөлж байснаас сул гарсан ажлын байрны мэдээлэл энэ сард Холбооны Нөөцийн Сан (ХНС) хүүгээ дахин нэмэгдүүлнэ гэх хүлээлтийг бууруулсан ч Засгийн газрын бондын өндөр өгөөж болон газрын тосны үнийн өсөлт зах зээлийн дээшлэх боломжийг хязгаарлав.

S&P 500 фьючерс 0.1%-иар өсөж 7,784.0 нэгжид, Nasdaq 100 фьючерс 0.3%-иар өсөж 31,148.0 нэгжид тус тус хүрсэн бол Dow Jones фьючерс 0.1%-иар дээшилж 51,513.0 нэгжид арилжаалагдаж байна.

Хөдөлмөрийн яамнаас 9-р сард АНУ-ын ажил олгогчид ердөө 29,000 ажлын байр шинээр нэмсэн тухай тайлагнасан нь эдийн засагчдын таамаглаж байсан 90,000-аас нэлээд доогуур үзүүлэлт байв. Үүний дараа Баасан гарагийн арилжаа өсөлттэй хаагдсан юм.

Ажилгүйдлийн түвшин 4.1%-иас өсөн 4.2% хүрсэн бол 8-р сарын цалинтай ажлын байрны өсөлтийн мэдээллийг 162,000 байснаас бууруулан 133,000 болгож шинэчлэн тохируулжээ.

Энэхүү мэдээлэл нь хөрөнгө оруулагчдад төв банкны дараагийн хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэх хүлээлтээ багасгахад хүргэв.

Хөдөлмөрийн зах зээлийн сааралт нь хүүний өөрчлөлтөд мэдрэмтгий технологийн компаниудын хувьцааг дэмжлээ. Баасан гарагт NASDAQ Composite индекс 1.2%, S&P 500 индекс 0.7%, Dow Jones Industrial Average индекс 0.5%-иар тус тус өсжээ.

Ажлын байрны тайлан гарсны дараа АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж эхэндээ буурсан боловч газрын тосны өндөр үнэ инфляцыг ХНС-ын зорилтот түвшнээс дээгүүр барина гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлснээр буцаж өссөн юм. Ирантай холбоотой мөргөлдөөн эрчим хүчний нийлүүлэлтэд саатал учруулж байгаа тул газрын тосны үнэ зах зээлийн гол эрсдэл хэвээр байна. Брент маркийн тосны үнэ нэг баррель нь 100 доллароос дээш үнэтэй байгаа бөгөөд энэхүү саатал уртсах төлөвтэй байгаа нь инфляцын айдсыг нэмэгдүүлсээр байна.

Мөн хөрөнгө оруулагчид гуравдугаар улирлын тайлагналын улирал эхэлж байгаад анхаарлаа хандуулах бөгөөд компаниудын санхүүгийн үр дүн нь өндөр зээлийн өртөг болон эрчим хүчний үнэ ашгийн хүлээлтэд хэрхэн нөлөөлж байгааг сорих болно.


Маск SpaceX компанийн нэрийг "SpaceXSI" болгон өөрчилнө гэв

Илон Маск X (хуучнаар Твиттер) сошиал платформ дээр "Дахин AI гэж хэрэглэхгүй", "SI нь илүү дээр" гэж бичсэнийхээ дараа Ням гарагт SpaceX компанийн нэрийг "SpaceXSI" болгон өөрчилнө гэж мэдэгдэв. Маск уг нэрний өөрчлөлт хэзээнээс хэрэгжиж эхлэхийг дурдсангүй.

X платформын нэгэн хэрэглэгч Маскаас компаниа "SpaceXSI" гэж дахин нэрлэх талаар асуусны дараа тэрээр ийнхүү тайлбар хийжээ. Маск хариуд нь: "Тийм ээ, бид энэ өөрчлөлтийг хийнэ" гэсэн байна.

Маскийн энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 9-р сарын 29-нд АНУ-ын засгийн газарт "Artificial Intelligence" (Хиймэл оюун ухаан) болон "AI" гэх нэршлийн оронд "Super Intelligence" ба "SI" гэсэн нэршлийг ашиглахыг чиглэл болгосон гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсны дараа гарч байна.

Уг захирамжид "Super Intelligence" болон "SI" гэдгийг АНУ-ын одоогийн хууль тогтоомжид заасан хиймэл оюун ухааны тодорхойлолтод хамаарах технологиуд гэж тодорхойлжээ. Энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдолд холбооны агентлагуудад албан ёсны харилцаа холбоо, веб сайт, тайлан болон бодлогын баримт бичгүүдэд шинэ нэршлийг ашиглахыг даалгасан байна.

Мөн уг захирамжаар Цагаан ордны шинжлэх ухаан, технологийн зөвлөхөд 60 хоногийн дотор "Super Intelligence" болон "SI"-ийн холбооны түвшний тодорхойлолтыг бий болгох хуулийн төслийг боловсруулж танилцуулахыг даалгажээ.

Ажиглахад, энэхүү шийдвэр нь урьд өмнө баталсан журам, гэрээ, буцалтгүй тусламж болон бусад түүхэн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулахыг шаардахгүй юм байна.


M Securities-ээр дэлхийн хувьцааг арилжаалах боломжтой. Доорх зураг дээр дарж дэлгэрэнгүйг үзээрэй.

Дэлгэрэнгүй →


СУДАЛГААНЫ ХЭРЭГСЭЛ

Зах зээлийн бүх мэдээлэл нэг дор — MMI

MMI платформ дээрх онцлох өгөгдөл:

Эх сурвалж: mmi.msecurities.mn

Бодит цагийн ханш, салбарын харьцуулалт, AI шинжилгээ, компаниудын санхүүгийн үзүүлэлтийг бүгдийг нэг дороос үзээрэй.

mmi.msecurities.mn үзэх →


Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Судалгаа бөглөх


Анхааруулга: Энэхүү мэдээлэл нь зөвхөн танилцуулах зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөмж биш болно. Үнэт цаасны үнэ өсөх болон буурах эрсдэлтэй тул хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаасаа өмнө мэргэжлийн зөвлөгөө авна уу.