MMC-ийн ашиг $106 сая болов | Алт $4,500-ийн босго давлаа
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.08.17 - 08.21)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.
📊 Зах зээлийн ерөнхий төлөв
Тус долоо хоногуудад нийт 11,378,004,943.75 төгрөгийн арилжаа хийгдэж, 28,189 удаагийн хэлцлээр 23,377,037 ширхэг үнэт цаас арилжигдлаа.
- Зах зээлийн үнэлгээ: 14,343,854,528,155.67 төгрөг
- TOP 20 индекс: 56,664.44 (+3.34% өсөлт)
- MSE A индекс: 21,645.31 (+2.74% өсөлт)
- MSE B индекс: 14,600.07 (-0.81% бууралт)
- FTI индекс: 1,063.70 (+0.72% өсөлт)
🔥 Онцлох хувьцаанууд
Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):
- Эм Жи Эл Акуа ХК (MGLA): 3,362,785,807.14 төгрөг
- Инвескор ББСБ ХК (INV): 1,350,359,890.00 төгрөг
- Хаан банк ХК (KHAN): 1,040,059,745.00 төгрөг
- АПУ ХК (APU): 899,434,900.35 төгрөг
- Таван толгой ХК (TTL): 660,182,120.00 төгрөг
Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:
- Крипто Үндэстэн ХК (CNF): +26.26% (Хаалтын ханш: 37,980.00 төгрөг)
- Түмэн шувуут ХК (TUM): +16.82% (Хаалтын ханш: 453.00 төгрөг)
- Ард кредит ББСБ ХК (ADB): +15.05% (Хаалтын ханш: 109.90 төгрөг)
- Силикат ХК (SIL): +15.00% (Хаалтын ханш: 39.10 төгрөг)
- Хүннү менежмент ХК (HBZ): +14.99% (Хаалтын ханш: 3,069.00 төгрөг)
Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:
- Монгол алт ХК (ERS): -23.70%
- Хэрлэн Хивс ХК (HRL): -16.85%
- Шарын гол ХК (SHG): -16.67%
- Шивээ овоо ХК (SHV): -16.67%
- Түшиг Уул ХК (TUS): -15.00%
💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд
Компанийн бонд (Хоёрдогч зах зээл):
- SHKH-BD-11/12/26-C0093-18: 19,302,620.00 төгрөг (Хүү: 18.00%)
- SHNK-BD-17/09/26-C0090-17: 11,100,000.00 төгрөг (Хүү: 17.00%)
- KBMG-BD-14/12/26-C0057-16: 9,300,000.00 төгрөг (Хүү: 16.00%)
- SHNK-BD-11/09/26-C0089-17: 5,000,000.00 төгрөг (Хүү: 17.00%)
- GRB-BD-03/01/28-C0081-10: 1,437,764.00 төгрөг (Хүү: 10.00%)
- UGB-BD-19/05/28-C0097-16: 200,000.00 төгрөг (Хүү: 16.00%)
- KBMW-BD-07/07/28-C0087-16: 200,000.00 төгрөг (Хүү: 16.00%)
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ):
- BRSF-BD-11/10/27-C0096-19.5: 780,600,000.00 төгрөг (Хүү: 19.50%)
- INVG-BD-29/07/27-C0094-18.5: 34,087,710.00 төгрөг (Хүү: 18.50%)
- OMBS-BD-01/07/27-C0098-19.2: 3,501,050.00 төгрөг (Хүү: 19.20%)
Хамтын хөрөнгө оруулалтын сан:
- Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 5,300.00 төгрөг болж, +8.50%-ийн өсөлт үзүүлэв.
- Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,182.00 төгрөг болж, +0.68%-ийн өсөлттэй байна.
- Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 85.97 төгрөг болж, +0.22%-иар өссөн.
- Фьючер Тек Инновэйшн (FTI): Хаалтын ханш 1,055.00 төгрөг (Өөрчлөлтгүй).
“АПУ“ ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААСАА НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА.

Жилд хоёр удаа ногдол ашиг олгодог байх бодлогыг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч буй АПУ ХК-ийн зүгээс 2026 оны эхний хагас жилийн ногдол ашгийн шийдвэрээ зарлалаа.
Энэ удаагийн хуваарилалтын онцлог нь нэгж хувьцаанд ногдох мөнгөн дүн нь өмнөх жилүүдтэй харьцуулбал нилээн өндөр гэж хэлж болохоор байна. Учир нь 2020 оноос хойш хагас жил бүрийн хамгийн дээд мөнгөн дүн нь 65 төгрөг байсан бол 2026.08.18-ны өдрийн ТУЗ-ийн шийдвэрээр 80 төгрөгийг олгохоор боллоо.
Ингэснээр нийтдээ 85.1 орчим тэрбум төгрөгийг ногдол ашигт зарцуулахаар болж байгаа бөгөөд тус компанийн эхний хагас жилийн цэвэр ашгийн 81 орчим хувьтай тэнцэж байна.
Компани ногдол ашгаа 2026 ондоо багтаан олгох бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг ирэх сарын 3-ны өдөр байхаар тогтоожээ.
Эх сурвалж: Marketinfo
“MONGOLIAN MINING CORPORATION” ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ОРЛОГО НЬ 69 ХУВИАР ӨСӨЖ, ЦЭВЭР АШИГ НЬ $106 САЯ ХҮРСНИЙГ ТАЙЛАГНАВ

Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2026 оны эхний хагас жилд 105.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеийн 20 сая ам.долларын алдагдлаас хурдацтай сэргэсэн байна.
Нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ өссөнөөс гадна үнэт металлын олборлолт компанийн орлогын шинэ тулгуур болж эхэлснийг хагас жилийн тайлангийн үзүүлэлтүүд харуулж байна. “Mongolian Mining Corporation”-ийн эхний хагас жилийн орлого нь өмнөх оны мөн үеэс 69 хувиар өсөж, 586.2 сая ам.долларт хүрснээс 491.5 сая ам.долларыг коксжих нүүрсний бизнес нь бүрдүүлжээ. Мөн арилжааны үйлдвэрлэлд шилжээд жил орчим болж байгаа Баянхөндий алтны уурхай 94.7 сая ам.доллар буюу нийт орлогын 16 хувийг бүрдүүлсэн байна.
Нүүрсний борлуулалт нь 4.2 сая тонноос 5.7 сая тонн болж өссөн бөгөөд угаасан нүүрсний дундаж борлуулах үнэ тонн тутамд 82.2 ам.доллароос 90.9 ам.доллар болж нэмэгдсэн нь орлогын өсөлтийг дэмжсэн аж.
Харин Баянхөндий уурхайгаас унц тутамд 4654 ам.долларын дундаж үнээр 20.2 мянган унц алт борлуулжээ. Эрсдэл талдаа харвал тус компанийн зардлын ачаалал нэмэгдэж, тайлант хугацаанд нийт борлуулалтын өртөг 59 хувиар өсөж 451.3 сая ам.доллар хүрсэн байна. Ялангуяа түлшний үнэ нэмэгдсэнээр олборлолт, тээврийн нэгж зардал өсөхөд нөлөөлжээ.
Мөн БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл эхний хагас жилд гурван хувиар буурсан нь эрэлт талын эрсдэл хэвээр байгааг харууллаа. Хэдий тийм боловч тус улсын Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ оны эхний хагаст 63.7 хувиар өсөж, 40.6 сая тонн буюу түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
Эх сурвалж:Bloomberg
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “B+” ТҮВШИНД БАТАЛГААЖУУЛЖЭЭ

“Fitch Ratings” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг 'B+' түвшинд, төлөвийг "тогтвортой" хэвээр баталгаажууллаа.
Монгол Улсын зээлжих зэрэглэлд дунд хугацааны огцом өсөлт, их хэмжээтэй бус засгийн газрын өр, 'B' ангиллын бусад улстай харьцуулахад нэг хүнд ногдох орлого нь илүү өндөр зэрэг хүчин зүйл эергээр нөлөөллөө. Эдгээр давуу талыг гадаад цочролд эмзэг болгодог гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай байдал, Хятад руу чиглэсэн бараа бүтээгдэхүүний экспортод тулгуурласан эдийн засаг зэрэг сул талууд тэнцвэржүүлсэн байна.
Их хэмжээний гадаад өр, дунд зэргийн хэмжээтэй гадаад валютын нөөц, эдийн засгийн мөчлөгийг дагасан бодлого нь гадаад эмзэг байдлыг нэмэгдүүлдэг. Монгол Улс Дэлхийн банкны Засаглалын үзүүлэлтүүдээр 'B' зэрэглэлийн бусад улстай харьцуулахад сайнаар үнэлэгддэг боловч бодлогын тодорхой бус байдал саад учруулж байна.
Үнэлгээнд нөлөөлсөн гол хүчин зүйлс:
Уул уурхайн салбар ДНБ-ий өсөлтийг тэтгэж байна. Уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалт үргэлжлэхээр байгаагаас шалтгаалан 2026 онд ДНБ-ий бодит өсөлт 5.6 хувь, дунд хугацаанд ойролцоогоор 5.5 хувь байна хэмээн бид таамаглаж байна. Зэс болон алтны экспортын өсөлт нь Оюу толгойн гүний уурхайн олборлолт нэмэгдэж буйгаас шалтгаалсан хэвээр байна. Мөн Хятад дахь эрэлт тогтвортой байгаа, хил дамнасан тээвэрлэлт сайжирч байгаа нь нүүрсний экспорт өсөхөд эергээр нөлөөллөө.
Сэргэж буй инфляцийн дарамт: Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн байнгын дарамт болон эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан 2026 онд инфляц дунджаар 10 хувь байна хэмээн бид таамаглаж байна. Энэ нь Монголбанкны 4–8 хувийн зорилтот түвшнээс өндөр байгаа юм. Ормузын хоолойг хааснаас үүдэлтэй дэлхийн нефтийн зах зээл дэх цочролын нөлөөг тогтвортой, хямд өртөгтэй Оросын нийлүүлэлт саармагжууллаа. Гэсэн хэдий ч 2026 оны долоодугаар сараас хойш Орост шатахуун түлшний хомсдол үүссэн нь Өмнөд Солонгос, Хятад зэрэг өөр ханган нийлүүлэгчийг хайх, түр зуурын түлшний квот тогтооход хүргэсэн юм.
АНУ-ЫН БОНДУУДЫН ӨГӨӨЖ БУУРСНААР АЛТНЫ ҮНЭ УНЦ НЬ 4500 АМ.ДОЛЛАРООС ДЭЭШ ТҮВШИНД ХАДГАЛАГДАЖ БАЙНА

Алтны үнэ сүүлийн зургаан сарын хамгийн огцом өсөлтөө хадгалж байна. АНУ-ын Сангийн яамнаас Засгийн газрын урт хугацаатай бондуудыг эргүүлэн худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхээ зарласны дараа алтны үнэ мягмар гарагт дөрөв гаруй хувиар өсөж, 4500 ам.долларын босго давлаа.
Сүүлийн байдлаар алтны ханш 0.1 хувиар чангарч, унц нь 4520 ам.доллароор арилжаалагдаж байна. Харин мөнгөний үнэ 0.1 хувиар өссөнөөр унц нь 67 ам.долларт тогтворжлоо. Хэдий тийм боловч эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамт алтны үнийн өсөлтийг тасалдуулах эрсдэлтэй байгаа юм. Тухайлбал: Арабын Нэгдсэн Эмират Улс Ирантай эдийн засгийн харилцаагаа тасалсан нь Ойрх Дорнодын хурцадмал байдлыг нэмэгдүүлж, газрын тосны үнэ өсөлтөө хадгалж байна.
Эх сурвалж: Bloomberg
ЯПОНЫ ИНФЛЯЦ 2 ДАХЬ САРДАА ЭРЧИМЖСЭНЭЭР ТӨВ БАНК НЬ БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ МАГАДЛАЛ НЭМЭГДЭВ

Японы инфляц хоёр дахь сардаа эрчимжсэнээр Төв банк нь ойрын хугацаанд бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал нэмэгдлээ. Японы Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр шинэ хүнсний бүтээгдэхүүний бүлгийг хасаж тооцсон хэрэглээний үнийн индекс долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.
Энэ нь нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Баасан гарагт иений ам.доллартой харьцах ханш 158.91 нэгж орчимд хадгалагдсан нь сүүлийн 10 жилийн дундаж болох 126.17 нэгжээс мэдэгдэхүйц сул үзүүлэлт боллоо.
АНУ, Японы эрх баригчид долоодугаар сарын эцсээр валютын зах зээлд ховор тохиох хамтарсан интервенц хийсэн ч иений ханш өсөлтөө хадгалж чадаагүй юм. Наймдугаар сар гарсаар ам.долларын эсрэг 0.5 орчим хувиар сулраад байна. Энэ нь импортын үнийг хөөрөгдсөнөөр инфляцыг давхар өдөөж буй тул Японы Төв банк хамгийн эртдээ есдүгээр сард бодлогын хүүг өсгөнө гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна.
Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.
