SpaceX-ийн түүхэн IPO ба таны ухаалаг туслах MMI
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
M MARKET INTELLIGENCE ТАНИЛЦУУЛГА

Хөрөнгийн зах зээлийн арилжаанд секунд бүр, үнэн зөв мэдээлэл бүр үнэ цэнтэй байдаг. M Securities-ийн зүгээс харилцагчид болон хөрөнгө оруулагчиддаа зориулан зах зээлийг илүү өргөн өнцгөөр, хялбараар харах боломжийг олгох M Market Intelligence платформыг танилцуулж байгаадаа баяртай байна.
mmi.msecurities.mn систем нь хувьцаа, индекс, салбарын гүйцэтгэл болон санхүүгийн бүхий л мэдээллийг бодит цаг хугацаанд (real-time) нэг дороос хянах боломжийг олгож буй таны ухаалаг туслах юм.
✨ Онцлох боломжууд:
- Бодит цагийн хяналт: Хувьцааны ханш, ТОП өсөлттэй болон идэвхтэй арилжаалагдаж буй компаниудын мэдээлэл.
- Салбарын гүйцэтгэл: Зах зээлийн дундаж өгөөж, нийт арилжааны дүн, хэмжээг хялбар графикаар харах.
- AI-д суурилсан шинжилгээ: Зах зээлийн чиг хандлагыг илүү ухаалгаар таамаглах, дүн шинжилгээ хийх хэрэгслүүд.
- Шуурхай, үнэн зөв: Хамгийн сүүлийн үеийн мэдээ, санхүүгийн тайлангуудыг цаг алдалгүй авах.
МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.06.08 - 06.12)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.
📊 Зах зээлийн ерөнхий төлөв
Өнгөрсөн долоо хоногт нийт 6,397,107,882.75 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 11,283 удаагийн хэлцлээр 4,880,154 ширхэг үнэт цаас арилжигдлаа.
- Зах зээлийн үнэлгээ: 13,368,783,087,173.30 төгрөг
- TOP 20 индекс: 51,282.09 (-0.13% бууралт)
- MSE A индекс: 19,574.71 (+0.07% өсөлт)
- MSE B индекс: 14,357.73 (+0.23% өсөлт)
🔥 Онцлох хувьцаанууд
Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):
Банкны салбарын хувьцаанууд арилжааны идэвхээр зах зээлийг тэргүүлсэн хэвээр байна.
- Хаан банк ХК (KHAN): 623,412,210.00 төгрөг
- Төрийн Банк ХК (SBM): 499,972,512.84 төгрөг
- Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): 125,890,799.60 төгрөг
- Инновэйшн инвестмент ХК (QPAY): 117,064,340.59 төгрөг
- Голомт Банк ХК (GLMT): 100,372,038.00 төгрөг
Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:
- Хөвсгөл алтан дуулга ХК (ADU): +28.87%
- Атар-Өргөө ХК (ATR): +15.00%
- Дархан гурил тэжээл ХК (DAR): +15.00%
- Монинжбар ХК (MIB): +15.00%
- Хар тарвагатай ХК (TVT): +14.99%
Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:
- Хорин хоёрдугаар бааз ХК (AHH): -14.99%
- Дархан хөвөн ХК (DAH): -12.02%
- Сор ХК (SOR): -11.26%
- Ариг гал ХК (EER): -10.89%
- Авто импекс ХК (AOI): -9.89%
💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд
Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын зах зээлд "Шинэ Ховд" бонд арилжааны үнийн дүнгээр өндөр идэвхтэй байлаа.
- SHKH-BD-11/12/26: 634,126,020.00 төгрөгийн арилжаа
- SNDB-BD-06/08/26: 38,785,600.00 төгрөгийн арилжаа
- SHNK-BD-17/09/26: 1,999,600.00 төгрөгийн арилжаа
Хөрөнгө оруулалтын сан:
- Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,012.00 төгрөг (-0.30% бууралт)
- Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 81.29 төгрөг (-6.99% бууралт)
- Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 5,260.00 төгрөг (-1.87% бууралт)
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 12 дугаар хуралдаан болж, үнэт цаасны бүртгэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын сангийн бүртгэл, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх үйл ажиллагаатай холбоотой нийт 23 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар 3 хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, мөн хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэв. Түүнчлэн нэг компанид гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдан авах, худалдах, зуучлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгохоор боллоо. Мөн хуралдаанаар 7 компанид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий хоёр иргэнд үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн юм.
Харин нэр бүхий 6 хуулийн этгээдийн банк бус санхүүгийн, даатгалын төлөөлөгчийн болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
БОРТЭЭГИЙН ОРДОД ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХАМТАРЧ ОЛБОРЛОЛТ ЯВУУЛНА

БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар 2026 оноос Бортээгийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд 15 сая тонн нүүрс олборлон, үүнээс 10 сая тонныг экспортлох зорилт дэвшүүлээд байcaн билээ. Тус орд нь нийт 424 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 95 хувь нь сул коксжих, үлдсэн 5 хувь нь эрчим хүчний нүүрс юм.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулж, нэмэлтээр 1 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтын үр дүнд Эрдэнэс Тавантолгой ХК хамгийн өндөр үнэлгээтэй санал ирүүлж, Бортээгийн ордын менежментийг хариуцан үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран олборлолт явуулахаар болсон байна.
Гэрээний нөхцөлийн дагуу Монголын талд ногдох өгөөж 70 хувь байхаар тооцогдсон бөгөөд эхний таван жилийн хугацаанд нийт 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр авах боломж бүрджээ.
Харин сонгон шалгаруулалтад оролцсон БНХАУ-ын Baowu Resources компани 600 сая ам.долларын урьдчилгаа төлбөр болон 51.7 хувийн өгөөж санал болгосон бол China Energy Materials & Technology Xuzhou 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр санал болгосон ч Монголын талд ногдох өгөөж нь 51 хувь байснаараа онцлог байв.
Гэсэн хэдий ч БНХАУ-тай өмнө байгуулсан урт хугацааны нүүрс нийлүүлэх гэрээний хүрээнд Монгол Улс 16 жилийн хугацаанд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх үүрэг хүлээгээд байгаа нь анхаарал татаж байна. Иймээс тендерийн ялагч нь Монголын төрийн өмчит компани болсон хэдий ч өмнө байгуулсан гэрээний нөхцөлүүдийн улмаас ордын ашиглалтын бодит үр өгөөж буурах, мөн Хятадын тал эдийн засгийн хувьд илүү ашигтай байр суурь эзлэх эрсдэл байсаар байна.
ТҮҮХИЙ ЭДЭЭС ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН РҮҮ: "ЦАГААН АЛТ" ХӨТӨЛБӨР ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ВЭ?
Монголын эдийн засгийн нэг том сул тал бол уул уурхайн салбарт хэт төвлөрсөн байдал юм. Аж үйлдвэрийн салбарын 70 орчим хувийг уул уурхай эзэлдэг бөгөөд экспортын 86% нь Хятад улс руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын эрэлт буурах, эсвэл түүхий эдийн үнэ унах бүрд манай эдийн засаг шууд цочирддог. Энэ байдлаас гарахын тулд бусад салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа бөгөөд тэдгээрийн дундаас ноолуурын салбар нь олон талын давуу талтай хамгийн боломжит гаргалгаа юм.
Монгол Улс дэлхийн чансаатай ноос ноолуур нийлүүлэгчдийн тоонд багтдаг ч тэрхүү баялгаасаа хангалттай үр ашиг хүртэж чаддаггүй. Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий ердөө 10%-ийг эзэлдэг ба өнгөрсөн жил эдийн засаг 7% өссөн хэдий ч салбарын өсөлт 8.9%-иар буурсан үзүүлэлттэй байна. Мөн энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт маш бага буюу 2023 онд ердөө $1.2 саяын хөрөнгө оруулалт татжээ. Хөдөө аж ахуйн экспортын 95% нь ноолуур боловч Монгол Улс ноолуурынхаа ердөө 25%-ийг дотооддоо боловсруулдаг ба үлдсэн 75%-ийг түүхий эд хэлбэрээр шууд экспортолдог тул нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтаас олдог ашиг маш бага байдаг. Тэдгээр түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулдаг болсноор жилд нэмэлтээр $1.5 тэрбум хүртэлх орлого олох боломжтой гэсэн тооцоолол гарсан байна.
"Цагаан алт" үндэсний хөтөлбөр нь яг энэ дутагдалтай байдлыг засахад чиглэж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд ₮2.2 их наядын төсвөөр дараах зорилгуудыг удирдлага болгон ажиллаж байна. Үүнд:
- Дотоодын боловсруулалтын түвшинг 20%-аас 40% болгон нэмэгдүүлэх
- Ноолуурын экспортыг $398 саяас $690 сая хүртэл өсгөх
- Үйлдвэрлэлийн нийт хэмжээг ₮1.5 их наядаас ₮2.3 их наядад хүргэх
Түүнчлэн төслийн хүрээнд 8,200 гаруй шинэ ажлын байр бий болно гэж тооцоолж байгаа нь салбарын хувьд томоохон өөрчлөлт юм.
Харин одоогоор хөтөлбөр зорилтот бүлэгт хүрч хэрэгжиж чадах эсэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Санхүүжилтийн 31.2%-ийг улсын төсвөөс гаргах бол үлдсэн хэсгийг банкны зээлээр шийдэхээр төлөвлөсөн байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл авах нөхцөл хязгаарлагдмал байдлыг үүсгэж болзошгүй.
Эх сурвалж: Montsame
SPACEX КОМПАНИ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ IPO ГАРГАЛАА

НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 12 /Reuters/. Америкийн "SpaceX" корпорац пүрэв гарагт хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа (IPO) гаргаснаар тэрбумтан Илон Маскийн пуужин, сансрын хөлөг үйлдвэрлэгч тус компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг боллоо.
IPO-гийн хүрээнд 555.56 сая ширхэг хувьцаа арилжиж, 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн бөгөөд ингэснээр тус компанийн үнэлгээ 1.77 их наяд ам.долларт хүрчээ. Тус компани нэгж хувьцааныхаа үнийг 135 ам.доллароор тогтоож байгаа талаар "Reuters" агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм.
Энэхүү үнэлгээ нь санхүүгийн зарим тогтсон жишгийг эвдсэн төдийгүй зарим шинжээч компанийн ийм өндөр үнэлгээ үндэслэлтэй эсэхэд эргэлзсээр байгаа хэдий ч И.Маскийн хамгийн том төслийг бодит ажил болгосон үйл явдал боллоо.
Хэдийгээр "SpaceX" компани өнгөрсөн онд алдагдалтай ажиллаж, бусад томоохон компаниудад орлогоороо хол хаягдаж байгаа боловч баасан гарагт "Nasdaq" бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхлэх үед АНУ-д бүртгэлтэй компаниудын дунд долоодугаарт бичигдэнэ.
1.77 их наяд ам.долларын үнэлгээ нь "SpaceX"-ийг "JPMorgan Chase", "Berkshire Hathaway", "Eli Lilly" зэрэг компаниудаас, мөн "Meta", И.Маскийн эзэмшдэг "Tesla" зэрэг технологийн томоохон компаниудаас ч өндөр үнэлгээтэй болгож байна.
"SpaceX"-ийн IPO мөн 2019 оны арванхоёрдугаар сард Саудын Арабын төрийн өмчит газрын тосны аварга компани болох "Saudi Aramco"-гийн тогтоосон дээд амжилтыг эвдлээ. Тухайн үед тус компани Эр-Риядын биржээс 25.6 тэрбум ам.доллар босгож, үнэлгээ нь 1.71 их наяд ам.долларт хүрч байсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.
