Долоо хоногийн тойм

Төв банкны хүү ба Nvidia-ийн 1 их наядын амлалт

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА IPO ГАРГАСНААС ХОЙШ ХАМГИЙН ДООД ЦЭГТЭЭ ХҮРЭВ

Хөрөнгийн зах зээлийн тойм | 2026.03.20 ( Баасан )
Долоо хоногийн сүүлийн арилжааны өдөр Монголын хөрөнгийн зах зээл бүрэн уналтаар хаагдсан гэж хэлж болно. Тодруулбал, гол ТОП-20 индекс -0.88%-иар буурч өмнөх өдрийн өсөлтийнхөө дийлэнхийг алдсан бол I ангилалын MSE A индекс -0.16%, II ангилалын MSE B индекс -1.20%-иар унажээ.
Уналтын голлох хүчин зүйл нь Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ханшийн хөдөлгөөн байсан бөгөөд тус банкны хувьцаа хөрөнгийн зах дээр IPO гаргаснаас хойш хамгийн доод цэгтээ хүрсэн юм. Тэд анх хөрөнгө оруулагчдад нэгж хувьцаагаа 33,000₮-өөр санал болгож байсан бол түүнээс хойш -48%-иар унаад байна.

- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК
Хаалтын үнэ: 17,180.00₮ (-4.34%)
Зах зээлийн үнэлгээ: -39.4 тэрбум төгрөгөөр буурч 869.3 тэрбум төгрөгт

- [MSE:CUMN] Премиум нэксус ХК
Хаалтын үнэ: 265.36₮ (-7.54%)
Зах зээлийн үнэлгээ: -17.6 тэрбум төгрөгөөр буурч 217.0 тэрбум төгрөгт

- [MSE:INV] Инвескор ХК
Хаалтын үнэ: 8,380.00₮ (-0.48%)
Зах зээлийн үнэлгээ: -2.8 тэрбум төгрөгөөр буурч 601.0 тэрбум төгрөгт

- [MSE:UID] Улсын их дэлгүүр ХК
Хаалтын үнэ: 3,300.0₮ (-1.49%)
Зах зээлийн үнэлгээ: -1.7 тэрбум төгрөгөөр буурч 115.9 тэрбум төгрөг болжээ.

Арилжааны идэвх ба хөрвөх чадвар
Зах зээлийн уналттай зэрэгцээд арилжааны идэвхи ч харьцангуй сул байсан гэж хэлж болно. Тоон дүнгээр нь хэлбэл, 1.05 сая гаруй ширхэг үнэт цаас 765.8 сая төгрөгөөр арилжигдсан ба үнийн дүн нь энэ долоо хоногийн хамгийн бага арилжааны дүн боллоо. Компанийн түвшинд авч үзвэл I ангилалын Голомт банк ХК-ийн хувьцаа 382.1 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжигдан зах зээлийн гол урсгалыг бүрдүүлсэн байна.
Өдрийн арилжааны бүтэц:

  • I ангилал: 22 компанийн 739,259 ширхэг хувьцаа – 633.7 сая ₮
  • II ангилал: 18 компанийн 299,904 ширхэг хувьцаа – 123.9 сая ₮
  • III ангилал: 3 компанийн 9,716 ширхэг хувьцаа – 0.4 сая ₮
  • Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх: 2 ХОС-ийн 9,428 ширхэг – 7.6 сая ₮

Өнөөдрийн арилжаанд нийт 35 компанийн хувьцаа хэлбэлзсэнээс 18 ХК нь өсөж, 17 ХК-ийн хувьцаа буурсан бол 8 ХК-ийн хувьцаа өөрчлөлтгүй хаагдсан байна.

Эх сурвалж: Marketinfo


МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛНА

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засгийн өнөөгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Мөнгөний бодлогын өнгөрсөн онд хэрэгжүүлсэн нөлөөгөөр инфляц багасаж, энэ оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч зорилтот интервалын голч руу дөхжээ. Инфляц багасахад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ. Харин хүнсний үнэ сүүлийн саруудад инфляцыг нэмэхэд нөлөөлсөн. Инфляц төв банкны зорилтот интервалын орчимд байх төсөөлөл хэвээр байна. Гэвч шатахуун, хүнсний үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа нь инфляцын төлөвийг өөрчилж болзошгүйг Монголбанк мэдээлэв.

Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрч эрчимжихэд хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн салбар гол хувь нэмэр орууллаа. Энэ онд уул уурхайн салбар, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эдийн засгийн өсөлтийг тэтгэж, цаашид эдийн засгийн өсөлт потенциал түвшнийхээ орчимд тогтворжих хүлээлттэй байна.

Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөөлсөн. Гэвч Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж буй мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн төлөв муудах, түүхий эдийн үнэ өсөх эрсдэлийг нэмж байна.

Жилийн инфляц зорилтот интервалын голч руу дөхөж багассан ч олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, гэнэтийн өөрчлөлт нь тодорхой бус байдлыг нэмж, инфляц эрчимжих эрсдэлийг дагуулж байна. Иймд энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Энэ нь инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцэж, дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байгаа.

Цаашид инфляц, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын шийдвэрийг тухай бүр гаргах ажээ.


NVIDIA КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТ 2027 ОН ХҮРТЭЛ 1 ИХ НАЯД ДОЛЛАРООС ДАВНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГААГ ХЭЛЭВ

Мягмар гарагт Nvidia (NVDA)-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг, NVDA-ийн дата төвийн орлого 2027 он хүртэл 1 их наяд ам.долларт хүрнэ гэжээ.
Калифорни мужийн Сан-Хосе хотод болсон NVDA-ийн GTC арга хэмжээнд Женсен Хуанг илтгэл тавьж дууссаны дараа хэвлэлийн асуулт хариултын үеэр энэхүү 1 их наяд ам.долларын орлого зөвхөн Nvidia-ийн Grace Blackwell болон Vera Rubin чипийн борлуулалтыг л илэрхийлж байгаа бөгөөд эцсийн үр дүнд илүү өндөр ч байх магадлалтай гэв.

Энэ тоо нь Даваа гарагт NVDA-ийн танилцуулсан өөр бүтээгдэхүүнүүдээс олж болох боломжит орлогыг оруулаагүй бөгөөд үүнд шинэ Groq 3 чип, Groq LPX CPU-ний тавиур, Vera CPU-ний тавиурын орлого багтана. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн орлогыг нэмбэл NVDA-ийн орлого 2027 он хүртэл $1.25 их наяд ам.долларт хүрнэ гэжээ.


DOW, S&P 500, NASDAQ-ИЙН ФЬЮЧЕРС 4 ДОЛОО ХОНОГ ДАРААЛАН УНАЖ, ТРАМП ИРАНД АНХААРУУЛГА ӨГӨВ

АНУ-ын хувьцааны фьючерс даваа гарагийн эхэнд унасан бөгөөд Ираны дайны улмаас АНУ-ын хувьцаанууд дөрөв дэх долоо хоногтоо дараалан уналаа.

Даваа гарагийн өглөө Dow Jones-ийн фьючерс (YM=F) 0.4%-аар, S&P 500-ийн фьючерс (ES=F) 0.5%-аар, Nasdaq-ийн фьючерс (NQ=F) 0.6%-аар тус тус унав. Өнгөрсөн долоо хоногт Dow Jones болон Nasdaq 2% орчим, S&P 500 1.5% орчим унажээ. Dow Jones 4 дэх долоон хоногтоо унасан нь хамгийн сүүлд 2023 онд болсон.

Энэ уналт нь Ираны дайн дөрөв дэх долоо хоногтоо орж, амралтын өдрүүдэд эрсдэл нэмэгдэж буйтай холбоотой байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Би гал нээхийг зогсоохгүй" гэж мэдэгдсэн бөгөөд АНУ, Ираны хоорондох дайсагналын үг хэллэг нэмэгдэж, буурах шинжгүй байна. Мөн Трамп бямба гарагт Ираныг 48 цагийн дотор Хормузын хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүчний дэд бүтэц рүү довтолгоо хийхийг тушаах болно гэж мэдэгдсэн. Техраны зүгээс энэ хэрэв энэ довтолгоо болбол хариу үйлдэл үзүүлэхээ амласан байна.

Дайнаас үүдэн газрын тосны үнэ өссөөр байгаа бөгөөд үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсөх төлөвтэй байна. West Texas Intermediate (CL=F) газрын тосны фьючерс 0.5%-аар өссөн бол дэлхийн жишиг болох Brent (BZ=F) газрын тос 0.5%-аар нэмэгдэж, нэг торх нь $110-ыг давлаа.

Эх сурвалж: Yahoo Finance


Бонд гэдэг нь та мөнгөө компани эсвэл засгийн газарт “зээлдүүлж” байгаа гэсэн үг юм. Харин тэд таны мөнгийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө хүү (interest) төлж, хугацаа дуусахад үндсэн мөнгийг тань буцаан өгдөг.

Яагаад бонд сонирхолтой вэ?

  • Тогтмол орлого (хүүгийн төлбөр)
  • Харьцангуй бага эрсдэл
  • Хөрөнгөө төрөлжүүлэх боломж

Жишээ:
Та 1,000,000₮-ийн бонд худалдаж авбал жил бүр тодорхой хувийн хүү авна. Хугацаа дуусахад 1,000,000₮-өө буцааж авна.

👉 Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.