Эрх зүйн баримт бичиг

“М Секьюритис ҮЦК” ХХК-ийн онлайн системээр үйлчилгээ авах нөхцөл, таны мэдээллийг бид хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай.

  • Хувилбар 1
  • 2025.01.02
  • 5 бүлэг · 24 заалт
  • Та “М Секьюритис ҮЦК” ХХК (“Компани”)-ийн үйлчилгээг онлайн системээр дамжуулан авахын өмнө Компанийн үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд “Зөвшөөрч байна” гэсэн товчийг дарна уу.
  • Үйлчилгээний нөхцөл нь харилцагч хувь хүн, хуулийн этгээд Компанийн онлайн системд бүртгэл үүсгэх, онлайн системээр дамжуулан үйлчилгээ авахтай холбоотой харилцааг зохицуулна.
  • Нууцлалын бодлого нь харилцагч Компанийн онлайн системийг ашиглах явцдаа Компанид гаргаж өгсөн болон ил болгосон мэдээллийг Компани ямар зорилгоор, хэрхэн олж авах, цуглуулах, боловсруулах, ашиглах, бусдад гаргаж өгөх, хадгалах, хамгаалах талаар зохицуулах, энэ талаар танд мэдүүлэх зорилготой баримт бичиг байна. Бидний энэхүү эрх зүйн харилцаа нь Монгол Улсын Иргэний хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон Монгол Улсын бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана.
  • Харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогыг зөвшөөрсөн тохиолдолд Компанийн онлайн системээр дамжуулан үйлчилгээг авах эрхтэй болно.
01

Онлайн арилжааны систем дэх харилцагчийн бүртгэл

4 заалт
  1. 1.1

    Харилцагч нь Компанийн онлайн арилжааны системд бүртгэл үүсгэхдээ системийн зааварчилгааны дагуу бөглөхийг шаардсан Харилцагчийн хувийн мэдээлэл болон нууц асуултыг үнэн зөв, бүрэн бөглөнө.

  2. 1.2

    Харилцагч нь онлайн арилжааны системд бүртгүүлснээр Брокерийн дансны мэдээллийг авах, өөрийн мэдээллийг хянах эрхтэй болох ба холбогдох шимтгэл, хураамжийг төлснөөр онлайн арилжааны үйлчилгээг авах эрхтэй болно.

  3. 1.3

    Харилцагч өөрийн онлайн системд нэвтрэх нэр, нууц үг, нууц асуултын хариулт, цахим шуудан, гар утсаар хүлээн авсан мэдээлэл, онлайн системийг хэрэглэх арга хэрэгсэл, үйлчилгээг авахтай холбоотой Компаниас өгсөн заавар зэргийг бусдад задруулахгүй, аюулгүй хадгалах үүрэгтэй. Харилцагч дээрх мэдээллийг бусдад алдсан, ашиглуулсан, ашиглах боломж олгосноос үүдэн бий болсон аливаа хохирлыг Харилцагч бүрэн хариуцна.

  4. 1.4

    Харилцагч онлайн системд бүртгэл үүсгэхдээ өөрийн идэвхитэй ашигладаг цахим шуудангийн хаягийг бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар захиалгын биелэлт, дансны хуулга болон үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг Харилцагчид мэдэгдэх тул цахим хаягийг солихгүй байна.

02

Харилцагч онлайн арилжааны системээр захиалга өгөх

5 заалт
  1. 2.1

    Харилцагч нь үнэт цаасны арилжаанд өөрийн санхүүгийн нөөц бололцоо, хөрөнгө оруулалтын зорилго болон эрсдэл даах чадварыг анхааралтай тооцоолсон, хөрөнгийн биржийн арилжаанд оролцохтой холбогдсон болзошгүй эрсдэлийг ойлгож, хүлээн зөвшөөрч оролцож байгаа болно.

  2. 2.2

    Харилцагчийн хэрэгжүүлж буй аливаа хөрөнгө оруулалт, арилжааны шийдвэр, стратегиуд нь зөвхөн Харилцагчийн болон түүний эрх олгосон этгээдийн бие даан гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэр бөгөөд үүнтэй холбоотой эрсдэлийг Харилцагч дангаар хариуцахаа зөвшөөрч байгаа болно.

  3. 2.3

    Харилцагчийн онлайн систем дэх өөрийн бүртгэлээрээ дамжуулан өгсөн данс нээх болон бусад хүсэлт, үнэт цаас худалдах, худалдан авах захиалга, мөнгө хүсэх өргөдөл зэргийг Харилцагчийн баталгаат гарын үсэг, тамга тэмдэг бүхий хүсэлт, захиалгын нэгэн адил хүчин төгөлдөр гэж үзэн Компани нь шууд гүйцэтгэнэ.

  4. 2.4

    Харилцагч нь үнэт цаасны захиалга өгөхдөө үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлөхгүй, зах зээлийг урвуулан ашиглах аливаа үйлдэл хийхгүй, дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцохгүй байна.

  5. 2.5

    Анхдагч зах зээлийн арилжаа, ногдол ашиг, ногдол хувийн мөнгөн зарлага гаргах зэрэг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралтай тул тухайн байгууллагын үйлчилгээний нөхцөл, цагийн хуваарийн дагуу хийгдэнэ.

03

Компанийн Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл

5 заалт
  1. 3.1

    Харилцагч нь Компанийн Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд Харилцагч нь үнэт цаас худалдан авах захиалга өгөхийн тулд захиалгыг биелүүлэхэд хангалттай хэмжээний мөнгийг (үүнд Компанийн болон Арилжааны банкны шимтгэл багтсан байх) өөрийн дансанд байршуулсан байна.

  2. 3.2

    Компанийн Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан хураамж, шимтгэлийг Харилцагчийн данснаас шууд суутгах ба дансны үлдэгдэл нь шимтгэл, хураамжийг суутгахад хүрэлцэхгүй бол гүйлгээ хийгдэхгүй.

  3. 3.3

    Харилцагчийн дансны үлдэгдэл нь тухайн гүйлгээг хийхэд хүрэлцэхгүй, шимтгэл хүрэлцэхгүй, бүрдүүлбэр дутуу, өгөгдөл буруугаас болж гүйлгээ хийгдээгүйгээс шалтгаалан учирсан хохирол, үр дагаврыг Компани хариуцахгүй.

  4. 3.4

    Компани нь Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөлд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд өөрийн цахим хуудсанд энэ талаар нийтлэх ба ийнхүү мэдээлэл нийтлэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор Харилцагч Компанитай байгуулсан Гэрээнээс татгалзах санал ирүүлээгүй тохиолдолд Харилцагч нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

  5. 3.5

    Харилцагч нь Компанийн үйлчилгээний шимтгэл, хураамжид орох нэмэлт өөрчлөлтүүдийг Компанийн цахим хуудсаар дамжуулан танилцах эсхүл өөрийн биеэр Компанид ирж танилцах үүрэг хүлээнэ.

04

Компанийн нууцлалын бодлого

6 заалт
  1. 4.1

    Харилцагч онлайн системд бүртгүүлэх үедээ системийн үндсэн зааварчилгааны дагуу оруулсан эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хаяг, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, системд үүсгэсэн нууц үг, нууц асуулт, хариулт, бичиг баримтын хуулбар зэрэг харилцагчийн хувийн мэдээлэл (цаашид “Нууц мэдээлэл” гэх) нь нууц мэдээлэлд хамаарах бөгөөд Компани нь тухайн мэдээллийн нууцлалыг хадгална.

  2. 4.2

    Нууц мэдээлэл нь зөвхөн хэрэглэгчийн өмч байна.

  3. 4.3

    Олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл болон хуулийн дагуу нийтэд нээлттэй байх мэдээлэл, өгөгдөл нь энэхүү Нууцлалын бодлогын үйлчлэлд хамаарахгүй болно.

  4. 4.4

    Компани нь Харилцагчийн зөвшөөрлийн үндсэн дээр болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагаар зөвхөн Харилцагчийн цахим шууданд мэдээлэл илгээх, системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх, бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, санал гомдлыг шийдвэрлэх, эрсдэлийг үнэлэх, аудит хийх зорилгоор мэдээллийг ашиглана.

  5. 4.5

    Компани нь Харилцагчийн нууц мэдээллийг архив, албан хэрэг хөтлөлт, нягтлан бодох бүртгэл, тайлагналын шаардлагын хүрээнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанаас багагүй хугацаанд болон тухайн мэдээллийг ашиглах шаардлагагүй болох хүртэл хадгална.

  6. 4.6

    Компани нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий нэгжтэй байх бөгөөд тус нэгж нь Харилцагчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах, хяналт тавих чиг үүрэгтэй байна.

05

Бусад

4 заалт
  1. 5.1

    Компани өөрийн санаачлагаар энэхүү Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлт орсон тухай бүр өөрчлөлтийн талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар Харилцагчид хүргэнэ.

  2. 5.2

    Хэрэв Үйлчилгээний гол нөхцөл болон Нууцлалын бодлого өөрчлөгдсөнтэй холбогдуулан Компанийн Үйлчилгээг ашиглах, хэрэглэхээс татгалзах тохиолдолд Харилцагч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу Гэрээг цуцалж болно.

  3. 5.3

    Үйлчилгээний нөхцөлийн зарим заалт хүчин төгөлдөр бус байх нь Үйлчилгээний нөхцөлийн бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

  4. 5.4

    Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хэрэглэх, тайлбарлахад Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгоно.